
Хятадын коммунист намын 18-р бүгд хурал энэ сарын 9-нөөс 12-ныг дуустал Бээжин хотноо болж өнгөрлөө. Дөрвөн өдөр үргэлжилсэн хурлын гол асуудал болох “иж бүрэн шинэчлэл”-ийг дэмжсэн шийдвэрийг Хятадын удирдагчид гаргасан байна. Энэхүү шинэчлэлд нийгмийг сайжруулж, хөгжүүлэх, удирдлагын тогтолцоог орчин үеийн түвшинд хүргэх зэрэг асуудлыг хамруулж байгаа юм. Хятад улс социализмыг дээд түвшинд цогцлоон хөгжүүлсэн боловч дээрх иж бүрэн шинэчлэлийг хийхэд удаан хугацаа зарцуулна гэж үзжээ. Одоо стратегийн гол зорилтуудыг хэрэгжүүлэх нь Хятадын удирдагчдын гол асуудал болжээ. Тэр дундаа эдийн засгийн шинэчлэл нь гол цөм юм. Ингэхдээ, Засгийн Газар болон хувийн хэвшлийн харилцааг чухалчилж байна. Чөлөөт зах зээлийн систем нь нөөцийг ашиглахад шийдвэрлэх үүрэгтэй хэвээрээ үлдэх бөгөөд Засгийн Газар тэргүүлэх үүрэг гүйцэтгэх юм. Хятадууд 2020 он хүртэл удирдлагын бүтцийн өөрчлөлт хийж, шинжлэх ухаан зэрэг голлох салбарыг хөгжүүлэх зорилт тавьжээ. Мөн улсын өмчит үйлдвэрүүд эдийн засагт тэргүүлэх үүрэгтэй байдаг бол хувийн хэвшлийг ч дэмжих бодлого баримтлахаар болжээ.