
Боко Харам нь 1990 оноос хойш үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд барууныхны эсрэг үзэлтэй хүмүүсээс бүрддэг. Боко Харам гэдэг нь “Барууны боловсрол бол нүгэл” гэсэн утгатай аж. Тэд 2009 оноос хойш 3000 гаруй хүний амь насанд хүрсэн байна. Энэ бүлэглэл христийн сүм хийд, сургууль зэрэг олон нийтийн газар халдлага үйлддэг бөгөөд Зул сарын баярын үеэр христийн сүмүүдэд бөмбөг дэлбэлдэг “уламжлал”-тай болсон. Харин сүүлийн үед англи хэлээр хичээл заадаг сургуулиудад халдах болсон байна.
Өнгөрсөн есдүгээр сард гэхэд хөдөө аж ахуйн сургуулийн 50 оюутан дотуур байрандаа унтаж байхад нь амь насыг нь хөнөөжээ. Мөн НҮБ энэ сарын эхээр хуримын үдэшлэгийн үеэр 30 хүнийг хөнөөсөн гэж "Боко Харам"-ыг буруутгаад байгаа юм. Хоёр жилийн өмнө тус бүлэглэлийн амиа золиослогч Нигерийн нийслэл Абужа хотод байдаг НҮБ-ын байранд халдаж 25 хүний аминд хүрсэн аж.
Б.Баяр