
“Гацуурт” компанийн захирал Х.Чинбатын охин Ч.Номингийн эзэмшлийн уг таван одтой зочид буудлаар ихэвчлэн гадаад, дотоодын чинээлэг хүмүүс үйлчлүүлдэг гэгддэг.
Гэтэл бассейнд тоглож байгаа хүүхдэд тухайн үед хамгаалалтын хувцас, хэрэгсэл өмсүүлээгүй байсан бөгөөд яг тэр үед бассейны ажилчид ч байхгүй байсан аж.
Асрагчийнхаа хамт усан санд тоглож байсан дөрвөн настай А-гийн хувьд Монголын томоохон бизнесмений хүү гэнэ. Хэрэг гардаг өдөр “Тэрэлж” зочид буудлынхан байнгын үйлчлүүлэгчиддээ онцгой хямдрал зарлаж, үйлчилгээний төлбөрөө нэг хүний хоногийн 60 мянган төгрөг болгон бууруулж, үүндээ саун, бассейн, зоог зэргийг багтаасан байсныг ч эх сурвалж хэлж байна.
Тухайн өдөр гэрийн эзэд талийгаач хүүг асрагчийнх нь хамт нийслэлээс 76 километрийн цаана орших “Тэрэлж” зочид буудалд хүргээд, эргэн ирж авахаар ярилцаад явсан талаар ч бас нэгэн эх сурвалж өгүүлсэн. Харин цагдаагийн байгууллагаас тухайн өдөр хүү эцэг, эхийн хамт байсан ч гагцхүү бассейнд л асрагчийн хамт орсон хэмээн мэдэгдэж байгаа.
Харин хүүгийн асрагч Филиппин улсын иргэн бөгөөд Монголд ирээд жил гаруй болж байгаа аж. Энэ хугацаанд хүүг харж байжээ.

Улмаар амиа алдсан хүүг уснаас гаргаж, тусламж дуудсанаас хойш хэсэг хугацааны дараа буудлын үйлчлэгч, бассейны зааварлагч багш, аврагчид ирсэн байна. Тэднийг ирэхэд хүү хэдийнэ амьсгал хураасан байжээ. Харин зарим хүмүүсийн хэлж буйгаар эцэг, эх нь хүүгээ нас барсаныг ч мэдэхгүй сандарч, эмнэлэгт үзүүлэхээр машинтайгаа давхисан гэж байгаа. Харамсалтай нь бяцхан хүү газар дээрээ амиа алдсан байсан юм.
Бассейны урт 23 метр, гүн нь 1.8 метр бөгөөд хүүхдийн, том хүний гэсэн тусгаарлалт байхгүй юм байна. Угнь өдөртөө хэдэн саяын ашиг олдог тус компани таван одтой тансаг зэрэглэлийнхээ зочид буудалд ганц аврагч ажиллуулж яагаад болоогүй юм бэ гэдгийг иргэд ч хэлж байна. Усанд осолдсон хүүхдэд наад захын эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх ч боломжгүй, бассейныг нь хариуцдаг охин айгаад гарч зугтаагаад байсныг харсан хүмүүс байгаа аж.
Ямартаа ч уг бассейнд хяналтын камер байдаг эсэх болон аврагч, зааварлагч багш нар үйлчлүүлэгчтэй байхад усан санг орхиж явсны учрыг лавлахаар “Тэрэлж” зочид буудалруу утас цохиход “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бассейн, саун хэвийн ажиллаж байгаа” гэх тайлбарыг өгөв.

-"Тэрэлж" зочид буудалд гарсан хэргийн талаар мэдээлэл өгөөч?
-2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Налайх дүүргийн зургаадугаар хороонд Тэрэлж амралтын газрын усан бассейнд Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн дөрвөн настай А гэгч нь живж нас барсан хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
-Тухайн үед ээж аав нь гадаад байсан гэж үнэн үү?
-Худал мэдээлэл. Эцэг, эх нь тус буудалд хамт байсан ч бассейнд нь байгаагүй. Тухайн үед хүүхэд бассейн дотор ямар ч хамгаалалтын хувцасгүй тоглож байгаад хальтарч унаж нас барсан.
-Хэрэгт хэчнээн хүнийг холбогдуулан шалгаж байгаа вэ?
-Холбогдох хүмүүсийг шалгаж байгаа. Хүний амь нас хохирсон юм чинь эрүүгийн хэрэг үүснэ. Энэ хэрэгт холбоотой шалгах ёстой хүмүүсээ шалгаж байгаа. Хөндлөнгийн хүмүүсээс ч мэдүүлэг авч байгаа.
Монголдоо л дээд зэрэглэлийн хэмээгддэг, үйлчилгээний төлбөрийн хувьд ч хамгийн үнэтэйд тооцогддог “Тэрэлж” зочид буудлын ажилчдын хариуцлагагүй байдлаас үүдэн нэгэн хүүгийн амь нас эрсэдлээ. Уг зочид буудлынхан үйлчлүүлэгчдээс хамгийн аюулгүй, сэтгэлд нийцсэн, тухтай үйлчилгээ үзүүлнэ хэмээн өндөр төлбөр авдаг. Гэвч тэдний ажилдаа хайнга, хариуцлагагүй, амласан шигээ байж чаддаггүйн тод жишээ ээжийнхээ өврөөс гараагүй нялх хүүгийн үхэл юм. Гэвч харамсалтай нь аравхан хоногийн өмнө хүүхэд эндсэн уг бассейн өнөөдөр ч үйлчлүүлэгчдээ хүлээн авч, үйлчилж байгаа аж.
Тус зочид буудалтай холбоотой энэ асуудал анхных биш бөгөөд өнгөрсөн Цагаан сараар амрагчдынхаа бохирыг Туулын усанд асгаж байсан явдал гарсныг тэндхийн иргэд, ажилладаг хүмүүс андахгүй мэддэг юм билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (29)