Хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажлаагүйгээс, мөн хангаж ажлуулаагүйгээс үүдэлтэй хүмүүс бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах тохиолдол өдөр алгасахгүй гардаг. Тэгэхээр энэ төрлийн хэрэгт тухайн байгууллагын хөдөлмөр аюулгүй байдлын инженер ч буруутай болж таардаг. Хамгийн сүүлд л гэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд өндрөөс унасан хүн ирж хэвтлээ гэсэн мэдээллийн дагуу энэ сарын 12-ны 15.00 цагт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс очиж шалгасан байна. Ингэхэд "ТЭЦ 4" станцын турбины засварын ажил гүйцэтгэж байсан Э гэгч нь 4 метрийн өндөрт байрлах давцан дээрээс унаж гэмтсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм. Харин манай сурвалжлах баг тухайн өндрөөс унасан хүнтэй очиж уулзахаар ГССҮТ-ийг зорилоо.Ингээд "ТЭЦ 4" станцын засварын ажилчин Н.Эрдэнэбаяртай уулзах гэтэл дөнгөж сая тариагаа хийлгэчихээд амарч байна хэмээн асран хамгаалагч нь хэлсэн юм. Тиймээс асран хамгаалагчаас хэдэн зарим зүйлийг тодрууллаа.
-Н.Эрдэнэбаярын хувьд биеийн байдал хэр байна?
-Өндрөөс унасан болохоор бүх л зүйл нь гэмтсэн байгаа. Толгой, нуруу, аарцаг гээд л. Шүүх шинжилгээний хариу гарахаар хэр бэртэлтэй, хөдөлмөрийн чадвараа хэр алдсан зэрэг нь тодорхой болно.
-“ТЭЦ 4” станцынханы зүгээс ирж уулзаж, ямар нэгэн тусламж үзүүлсэн үү?
-Одоогоор дөнгөж эмнэлэгтээ хэвтсэн болохоор тусламж гэсэн зүйл яригдах болоогүй байна. Ямар ч байсан “Тэц 4”-ийн удирдлагууд ирж уулзсан. Ямартаа ч бүх зүйл хуулийн дагуу явагдах байх.
-Н.Эрдэнэбаярын хувьд унаж бэртэх болсон нь ямар шалтгаанаас болсон юм бол. Тухайн үед “ТЭЦ 4”-ийн хөдөлмөр аюулгүй байдлын инженер байсан уу?
-Үүнийг ч бас яг хажууд нь байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад л ийм байдалд хүрсэн.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/

















































