
Зааны ясан эрэг улсаас Америкт хууль бусаар нэвтрүүлсэн зааны соёонуудыг устгалд оруулахаар болжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нэг сая долларын үнэ хүрэх соёонуудыг хууль бусаар хил давуулсан талаар мэдэгдсэн юм. Уг хууль бус наймаанаас олсон орлогыг хураан авч, устаж мөхөх аюулд орсон заан, хирснүүдийг худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд зарцуулахаар болсон байна. Зэрлэг амьтдыг хил давуулан зардаг Лаос улсаас гаралтай Хаясаван хэмээн бүлэглэлийг илрүүлээд байгаа юм. Тэд Өмнөд Африк, Мозамбик, Тайланд, Малайз, Вьетнам, Хятад зэрэг орнуудад салбар сүлжээтэй байсныг илрүүлжээ. Жилдээ амьтдын наймаанаас 8-10 тэрбум долларын орлого олж байдаг бөгөөд энэ нь хүний наймаанаас дутахааргүй том асуудал юм. Барууны орнууд сүүлийн 25 жилийн турш зааны соёо хулгайлах явдалтай тэмцэж байна. 2007 оноос эхлээд энэ төрлийн наймаа дэлхий даяар тархаж, Хятад, Америк хоёр гол тээвэрлэгч орон болон хувирсан юм. Мөн хирсний эвэр ашиг орлоготой наймааны нэгд тооцогддог. Азийн орнуудад хирсний эвэр хорт хавдар, зарим төрлийн өвчнийг эдгээж, бэлгийн чалх сайжруулдаг гэж итгэдэг нь хууль бус наймаа газар авах бас нэгэн шалтгаан болжээ. Өнгөрсөн жил зөвхөн Африкт гэхэд 745 хирс энэ гэмт хэргийн золиос болсон юм. Сүүлийн жилүүдэд 30 мянган хирс хууль бус наймаанд өртсөн гэж судлаачид үздэг байна.

