
Эрх зүйн туслалцааны төвүүдэд төлбөрийн чадамжгүй иргэдэд үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлж байгаа. Гэтэл хууль тогтоомж тодорхой бус байгаагаас энэ үйлчилгээ эзэндээ хүрч чадахгүй байгааг салбарынхан шүүмжиллээ. Өнгөрсөн онд 490 гаруй хүн төлбөрийн чадамжгүй гэдэг нь нотлогдож, үнэ төлбөргүй өмгөөлөллийн үйлчилгээ авчээ. Харин бодит байдал дээр өмгөөллийн үйлчилгээ үнэгүй авах шаардлагатай хүмүүсийн тоо үүнээс олон байдаг байна. Ялангуяа төлбөрийн чадамжгүй иргэд хууль зүйн үнэ төлбөргүй өмгөөлөл авах хуулийн заалт тэгш бус үйлчилж байгаа юм. Тухайлбал, төлбөрийн чадамжгүй гэдгээ батлахын тулд хорооноосоо тодорхойлолт авч, иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог. Гэтэл төлбөрийн чадамжгүй гэсэн тодорхойлолт авсан мөртлөө орлого өндөртэй хүмүүс үнэгүй үйлчилгээ авсан тохиолдол гардаг байна. Тиймээс энэ талын зохицуулалтыг оновчтой хийж өгөх шаардлагатай гэдгийг хуулийнхан онцоллоо.