
Сирийн энэ бяцхан хүүхэд жижигхэн гартаа, хагарсан пиццаны үйрмэг идэж байна. Энэ охин сүүлийн хэдэн өдөр юм идээгүй тул олдсон даруйд нь пиццаны үйрмэгийг амандаа хийх гэж буй нь энэ юм. Ливанд дүрвэсэн Сирийн хэдэн мянган иргэд гудамжинд өлсөж, туйлын ядуу амьдарч байна. Тэд хоол хүнс, орогнох байраар гачигдсаар...




Ливан бол Сиритэй хөрш зэргэлдээ орших жижиг улс боловч сүүлийн хэдэн сард энд дүрвэгсэд дүүрчээ. НҮБ-аас 739 мянган хүн Сири улсаас дүрвэн гарсан гэсэн мэдээлэл буй ч бодит байдлаас энэ тоо хол зөрнө. Сирийн дүрвэгсэд нутгийн иргэдээс гурав дахин бага цалинтай ажилладаг учраас Бейрутын оршин суугчдад ажил олдоход хэцүү болсон гэнэ. Харин Ливаны улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа бөгөөд аюулгүй байдал нь санаа зовоосон асуудал болж байгаа тул парламентын сонгуулийг ирэх он хүртэл хойшлуулжээ. Ливаны нөхцөл байдал тааруу байгаа ч гэсэн өдөр бүр буун дуу сонсож байгаа Сирийн иргэдэд үүнээс өөр сонголт байхгүй. Нөгөө талаараа Ливанд дүрвэгсдийн “үер” орж ирж байгаа тул хүчирхийлэл газар авч байгааг хүний эрхийн байгууллагууд онцолжээ. Дүрвэгсдийн дотор суннит шашинтнууд цөөнгүй байгаа нь Ливаны аюулгүй байдалд бэрхшээл учруулж байна. 30 жилийн өмнө Ливанд одоогийн Сири шиг нөхцөл байдал үүсч, Ливанчууд Сири лүү дүрвэж байжээ. Харин одоо байдал эсрэгээр эргэжээ.

