
“ZTE” корпорацийг хүмүүс харилцаа холбооны төхөөрөмж нийлүүлдэг гэдгээр нь мэднэ. Тус компани сүүлийн үед ухаалаг гар утас үйлдвэрлэх болж, ирэх оны хоёрдугаар улиралд багтаан ухаалаг бугуйн цагийг худалдаанд гаргах гэж байна. “The Wall Street Journal”-д захирал Лу Цинхаогийн өгсөн ярилцлагад технологийн хувьд “Galaxy Gear” бугуйн цагтай ижил боловч Хятадын дундаж хэрэглэгч худалдан авах боломжтой хямд байх юм. Эхлээд Хятадын зах зээлд гаргаж байгаад аажмаар АНУ, Европт нийлүүлэх болно гэж мэдэгджээ. Шинээр гарах бүтээгдэхүүнд хараахан нэр өгч амжаагүй бөгөөд ус нэвтэрдэггүй, утсаар ярьж болдог зэрэг давуу талтай. Ирэх онд ухаалаг бугуйн цагаа дэлхий даяар 5 сая хувь борлуулах зорилго тавьжээ. Дэлхий даяар энэ жил ухаалаг бугуйн цагны борлуулалт 40 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ. Анх ZTE Монголд 2004 онд төлөөлөгчийн газраа байгуулж, үүрэн телефоны оператор “Skytel” компанитай хамтран СDМА-2000 технологиор манай улсын баруун, өмнөд бүс нутагт тоон радио релейний сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тус компанийг харилцаа холбооны мэдээлэл ашиглан, Монголчуудыг тагнаж байсан гэсэн мэдээлэл гарч, өнгөрсөн онд шуугиан тарьж байсан билээ.
Сэтгэгдэл (1)