АНУ-ын Засгийн газраас 85 настай ахмад дайчин, санхүүгийн зөвлөх мэргэжилтэй Мэрилл Ньюмэнийг суллахыг Хойд Солонгосын удирдлагуудаас хүсчээ. Түүнийг өнгөрсөн 10-р сард Хойд Солонгост урьдчилан төлөвлөсөн аяллаа дуусгаад харих гэж байхад нь Хойд Солонгосын цагдаа нар баривчилсан байна. Мэрилл Ньюмэнийг "Хойд Солонгос улс, социалист нийгмийг доромжилсон гэмт хэрэг үйлдсэн" гэж буруутгасан аж. АНУ-ын Засгийн газраас түүний өндөр нас, биеийн байдлыг бодож суллахыг хүссэн албан бичиг явуулжээ. Өнгөрсөн долоо хоногт Шведийн элчин сайд Хойд Солонгост айлчлахдаа Мэрилл Ньюмэнийг эргэжээ. Тэрбээр зүрхний өвчин нь дээрдэж, эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа хэлжээ. Сонирхолтой нь ахмад дайчин байцаалтын үеэр уучлалт гуйж, Солонгосын дайны үеэр олон энгийн иргэн, цэргүүдийн аминд хүрсэн" хэмээн мэдүүлсэн юм байна.


























































