Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоотой гадаад худалдааны гэрээ хийх тухай хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болжээ. Тэрбээр Украйны эдийн засгийн байдал сайжиртал Европын холбоотой хийх гэрээгээ хойшлуулна гэсэн нь олон нийтийн бухимдлыг өдөөж, үймээн гарахад хүргэсэн. Энэ уулзалтанд В.Янукович төлөөлөгчидөө явуулахаар тохирсон ч хэзээ, хаана гэдэг нь одоогоор нууц байна. Тус улсын Ерөнхий сайд асан Юлия Тимошинко Европын холбоотой гэрээ байгуулах ёстой хэмээн шоронд өлсгөлөн зарлаад байгаа. Тэрбээр энэ гэрээг хийхээс нааш тэмцлээ зогсоож болохгүй гэдгийг жагсагчдад уриалсаар байна. Өнгөрсөн ням гарагт украйнчууд Ерөнхийлөгч Виктор Януковичийг оросуудын нөлөөнд орж, энэ гэрээг хойшлууллаа хэмээн буруутгаж, огцрохыг шаардсан том хэмжээний жагсаалт хийсэн. Энэ жагсаалд 300 мянга гаруй хүн оролцсон бөгөөд олон тооны иргэд, цагдаа нар бэртсэн байна.

























































