
Facebook, Yahoo, LinkedIn, Twitter, Google сайт хэрэглэгчдийн 2 сая нууц үгийг хулгайлж, интернэтэд байрлуулсан талаар BBC мэдээллээ. “Trust wave” хэмээх хамгаалалтын пүүс хэрэглэгчдийн э-шуудангийн хаяг, нууц үгийг задруулсан болохыг илрүүлсэн байна. Тус байгууллагын шинжээчид BBC агентлагт энэ талаар яаралтай мэдэгджээ. Эдгээр хулгайлсан мэдээллийг хүмүүсийн нууцыг илчилж, зарахад ашиглах боломжтой гэж тэд анхаарууллаа. Фэйсбүүк сайт хэрэглэгчдийнхээ нууцлалд ихээхэн анхаарч, хамгаалалтын арга ашигладаг гэж тус компанийн төлөөлөгч "The Huffington Post"-д мэдэгдсэн байна. Төлөөлөгч “Энэ хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй байгаа ч вэб хөтчөөс мэдээлэл хуулбарладаг хакеруудын халдлагад өртсөн болохыг гэрчилж байна” гэж мэдэгджээ. Мөн хэрэглэгчид хувийн мэдээллээ алдахаас болгоомжилж, нууц үгээ өөрчлөх эсвэл тэмдэглэл гэсэн хэсэг рүүгээ нэвтэрч нягтлахыг зөвлөжээ. Харин Twitter, Google компанийн удирдлагууд хэрэглэгчийн бүртгэлээ алдсан хүмүүсийн нууц үгийг яаралтай дахин тохируулна гэж амласан байна. Дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгчид нууц мэдээллээ алдсан болохыг дээрх судалгааны байгууллага онцолсон бөгөөд тэдгээр хулгайн нууц үгүүдийг Оросын сайтад байршуулсан ажээ. Эдгээрийн дотор "123456789," "1234" гэх мэт олоход хялбар нууц үг байгааг хэрэглэгчдэд санууллаа.
