
Нелсон Манделагийн охин Маказиве BBC агентлагт 95 насандаа өөд болсон эцгийнхээ сүүлчийн хормын талаар мэдээлэл өгчээ. Мандела эхнэр, хүүхэд, ач, зээ нартаа хандан баяртай гэж хэлээд сэтгэл хангалуун нүд аньсан гэнэ. Маказиве Мандела миний аав эзэн хаан шиг амьдарч чадсан хэмээн өгүүлжээ. Тэрээр мөн “Мандела зөвхөн улс төрийн биш, оюун санааны тэмцэл хийж чадсан. Миний аавын амьдрал олон хүнд урам өгсөн” гэж ярьсан байна. Өмнөд Африкчууд Ням гаригт болох оршуулгын ёслолд ихээхэн анхаарал хандуулж байна. Тус улсад төрийн дээд алба хашиж байсан болон одоо ажиллаж байгаа 100 гаруй хүн оршуулгын ёслолд оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа юм. Мөн Барак Обама, Франсуа Олланд, АНУ-ын ерөнхийлөгч асан Жеорж Буш, Билл Клинтон, Кубын ерөнхийлөгч Раул Кастро зэрэг удирдагчид оршуулах ёслол болон түүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн байна. Манделагийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд 95 мянган хүн оролцохоор болжээ. Энэ ёслолыг 2010 оны хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон цэнгэлдэхэд зохион байгуулна.