
Тайландын ерөнхий сайд Инглак Шинаватра парламентыг татан буулгаж, дахин сонгууль явуулахаар боллоо. Нийслэл Бангкок хотноо үргэлжилсэн иргэдийн жагсаал, үймээнийг намжаах үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Хатагтай Инглак 2011 оны сонгуулиар олонхийн санал авсан юм. Гэхдээ түүнийг ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж, төрсөн ах Даксины төлөө үйлчилж байна гэж эсэргүүцэгчид шүүмжилж байлаа. Өчигдөр жагсагчдын тэмцэл туйлдаа хүрч, Засгийн Газрын ордныг эзлэхэд ерөнхий сайд телевизээр ийм мэдэгдэл хийжээ. 2011 оны сонгуулиар Инглакын Фю Тай нам парламентад 265 суудал авч олонх болсон бол Ардчилсан нам 159 гишүүнтэй болжээ. Pheu Thai нам Тайландын хөдөөгийн иргэдийн дэмжлэгийг хүртсэн гэж хэлж болно. Харин Ардчилсан намыг жагсагчдын тал дэмжиж байна.