
Оросын ерөнхийлөгч Владимер Путин “Риа-Новости”-г татан буулгаж, “Россия Сегодня” агентлагийг үүсгэн байгуулжээ. Тэрээр улсын өмчит “Риа Новости” агентлагийг хаах болсон талаараа ажилчдад нь ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Шинээр байгуулагдсан агентлаг нь Оросын төрийн бодлого, нийгмийн амьдралыг олон хэл дээр нийтлэх гэнэ. Ингэснээр Кремлийн мэдээллийг олон эх үүсвэрээр дамжуулах бодлого явуулах юм. “Россия Сегодня” нь ижил хүйстнүүд, Америкчуудын эсрэг үзэл суртлыг ухуулан таниулсан, шүүмжлэлт чиглэлтэй байх ажээ. Ингэснээр Орос бол дэлхийн чухал гүрэн гэсэн үзлийг сэргээх болно гэж төв хэвлэлийн нэвтрүүлэгч зарласан байна. Харин Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный блогтоо энэ шийдвэрийг шүүмжилжээ. Мөн Оросын хэвлэлийн салбар дахь төрийн хяналтыг чангаруулсан хэрэг гэж шүүмжлэгчид цөөнгүй байгаа юм. Шинээр байгуулагдсан агентлаг нь ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимпын хамгийн том спонсор болох юм. Өмнөх “Риа-Новости” нь 1941 онд Зөвлөлтийн мэдээллийн товчоо байгуулагдах үед үндэс сууриа тавьж байсан түүхтэй.
Сэтгэгдэл (1)