
Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч Нелсон Манделагийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд Америкийн ерөнхийлөгч Барак Обама үг хэлсэн билээ. 100 гаруй төрийн тэргүүн, 100 мянга орчим дэмжигчид оролцсон арга хэмжээний үеэр ерөнхийлөгчийн хэлсэн үгийг буруу тайлбарласан гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр тархаж эхэллээ. Энэ талаар Английн дүлий иргэдийн мэдээллийн блогт анх нийтэлсэн байна. Тэдний хэлж буйгаар тайлбарлагч Нелсон Манделад зориулж хэлсэн үгийг тэр чигт нь буруугаар тайлбарласан гэнэ. Тайлбарлагч илтгэгчийн үгийг дүлий үзэгчдэд хүргэхдээ алдаа гаргасныг төвөггүйхэн мэдэж болохоор байсан гэж шүүмжлэгчид үзэж байна. Учир нь тэрээр байн байн мөрөө хавчихаас гадна нэг үйлдлээ гурваас дөрвөн удаа давтан хийсэн ажээ.