“Жаст” групптэй зээл эргэн төлөлтийн асуудлаар маргаан үүсгэсэн гадаадын “Стандарт” банкны зөвлөх Шинэ Зеланд улсын иргэнийг Монгол Улсыг орхиж явахыг хориглосон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Африкийн томоохон зээлдэгч банкны зөвлөх Крис Брэдли зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн арваннэгдүгээр сард 131 сая ам.долларын зээлийн асуудлаар Монгол Улсад ирсэн тухай түүнтэй ижил нөхцөл байдалтай байгаа нэрээ нууцлахыг хүссэн хоёр хүн мэдээлжээ. Тэд Монголын “Жаст” группт зээлдүүлсэн мөнгөнийхөө эргэн төлөлтийн асуудлаар Монголын Засгийн газартай уулзалт хийхээр ирсэн байна. Харин энэ арванхоёрдугаар сарын 4-нд зөвлөх Крис Брэдлиг албаныхан Монгол улсыг орхин явахыг хоригложээ. Мөн түүнчлэн цагдаагийн газраас түүнийг сэжигтнээр татаж, шалгаж байгаа аж. Энэ талаар Крис Брэдли "Монголын хуулийн байгууллагынхан намайг удаа дуудаж уулзсан. Гэхдээ ямар учир шалтгаанаар дуудаж байцааж байгаагаа ганц ч удаа тайлбарлаагүй. Хуулийн байгууллагынхан надад учир шалтгаанаа хэлэх ёстой. Ажлын шалтгаанаар ирсэн байхад намайг Монголоос гарахыг хориглосонд гайхаж байна" гэлээ.
“Стандарт” банк нь зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй Монголын компанийн эсрэг өнгөрсөн долдугаар сард Английн нийслэл Лондон хотын шүүхэд зарга мэдүүлжээ. “Жаст” групп нь 2007-2010 оны хооронд “Стандарт” банкнаас зээл авахдаа төрийн өмчийн “Эрдэнэт” олборлолтын корпораци болон “Улаанбаатар төмөр зам”-ыг барьцаалсан гэж зарим хэвлэлд мэдээлж байгаа. Түүнчлэн “Жаст” группын захирал Ш.Батхүү нь өнгөрсөн 2011 оноос хойш өөрийн компаниудаараа дамжуулан авсан их хэмжээний зээлийнхээ эргэн төлөлтөө хийж чадахгүй болсныг Монгол Банкны Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганбат өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн юм. Үүний дараа тэрээр Монголын урдаа барьдаг таван банкны нэг болох “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр гаргасан билээ.


















































