
АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Эдуард Сноуден нууц мэдээллүүдийг ил болгосноор гар утасны мэдээллийг тагнаж, чагнасан дуулиан дэгдсэн юм. Тагнуулын албаны нууц задарч, хэд хэдэн орны удирдагчид, иргэдийн мэдээллийг цуглуулж байсан нь тодорхой болсон. Тэгвэл Америкийн холбооны шүүхээс тагнуулын албаны утас чагнах ажиллагаа нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хууль бус гэж үзэж магадгүй болжээ. Шүүгч Ричард Леоний хэлж буйгаар тус улсын хуулиар шүүхээс зөвшөөрөл аваагүй бол ямар ч тохиолдолд хувь хүмүүсийн мэдээллийг цуглуулахыг хориглодог байна. Америкийн эрх баригчид дээрх ажиллагааг терроризмтой тэмцэх зорилгоор зохион байгуулсан нь эргэлзээтэй гэж Леон нэмж хэлсэн байна. Эдуард Сноуден "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа үндсэн хууль зөрчсөн үйлдлийг шүүхээр шийдвэрлэх ёстой гэж мэдэгдэж байсан юм.