
Эрдэмтэд хараагүй хүмүүст туслах боломжтой шинэ төрлийн нүдний эсийг хэвлэх аргыг гаргаж ирлээ. Кэмбрижийн их сургуулийн судлаачид нүдний торлог бүрхэвчийн ард байрлах гэрлэнд мэдрэг давхарга нь гэмтсэн хүмүүст зориулан нөхөн төлжүүлэх арга бодож олсон байна. Амьтны эсээс гаргаж авсан дээрх эсийг хүн дээр удахгүй турших юм. Дээрх эс нь нүднээс тархи руу мэдээлэл дамжуулж, мэдрэлийн эсийг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Нүдний торлог бүрхэвчин дэх мэдрэлийн эсүүд алдагдах нь хараагүй болох эмгэгийн үндсэн шалтгаан болдог байна. Өөрөөр хэлбэл, нүдэн дэхь мэдрэлийн эсүүд гэмтсэнээс хараагүй болдог гэсэн үг. Торлог бүрхэвч нь харахад зориулагдсан бие биенээсээ харилцан хамааралтай, нарийн бүтэцтэй эсүүдээс бүрддэг. Дээрх хэвлэлийн технологийг ирээдүйд амжилттай хөгжүүлвэл, дээрх эсүүдийг хэвлэх боломжтой. Эрдэмтэд тулгуур эсийг шилжүүлэн суулгаж, хулганад хараа оруулж болдгийг аль хэдийнэ баталсан билээ. Одоо харин нүдний торлог бүрхэвчийн эсийг хараагүй хүмүүст шилжүүлэн суулгах боломжтой гэж үзэж байна. Энэ судалгаа нь технологийн дэвшлийг хараа нөхөн сэргээхэд ашиглах гэж оролдсоноороо шинэлэг болжээ.

