Европын хамгийн том эдийн засагтай Герман улсыг ирэх 4 жилд удирдах нь тодорхой болоод байгаа канцлер Ангела Меркель Франц улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр шинээр сонгогдсон гадаад хэргийн сайд Фрэнк Уолтер Стеинмерийн хамтаар айлчилж байгаа бөгөөд Украйны Европын холбоонд элсэх асуудал болон Францын Африк тивд явуулж буй үйл ажиллагааны талаар санал солилцох юм. Мөн Меркель Олланд нар ирэх хоёрдугаар сарын 19-нд болох Европын парламентын сонгуульд Герман, Франц улс хэрхэн бэлтгэх талаар хэлэлцэх ажээ. Түүнчлэн Франц, Германы төрийн тэргүүнүүд Евро бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ахиц гаргах боломжийг эрж хайх юм.



