Тель Авив хотод байдаг Орчин үеийн Урлагийн музейн хашаагаар орж ирсэн хүмүүс нүдэндээ итгэхгүй шахам гайхаж байна. Учир нь, ер бусын гайхамшигтай урласан эдгээр баримлуудыг ердийн элсээр хийжээ. Элсээр ямар ч зүйлийг хэвлэж болдог боловч тун удахгүй өөрөө нурж үгүй болдог гэдгийг бид хүүхэд ахуй цагаасаа мэднэ. Гэтэл Тель Авивын музейн захиргаа эдгээр элсэн баримлыг бүгдийг нь бэлэн мөнгөөр худалдаж авчээ. "Дэлхийн Элсэн Баримал Урлах Академи"-ийн уран бүтээлчид үлгэр домог, Библь судрын түүхэн дээр үндэслэсэн эдгээр баримлуудыг 2 сарын дотор бүтээжээ. Библь сударт гардаг Соломон хааны дүрийг бүтээсэн Петр Мордехай гэдэг залуу өөрийн уран бүтээлийн нууцыг дэлгэлээ. Түүний хэлснээр бол зөвхөн элс ус хоёроор бүтээсэн эдгээр баримлууд хэдэн зуун жил болсон ч тэсэж чадна гэнэ.







