Сүхбаатар аймаг дахь Бичигт хилийн шалган нэвтрүүлэх боомтын захиргааны
дарга Д.Гансүхийн албаны автомашинаар агнасан хөлдүү чоно болон ангийн
эд эрхтэн хилээр гаргахыг завдсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Гаалийн ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор Бичигтийн боомтын захиргааны жолооч Э албаны /96-96/ "СҮА Ланд 80" маркын автомашинд хөлдүү чоно хоёр ширхэг, чононы шулсан толгой 1 ширхэг, чононы ходоод 1 ширхэг, үнэгний элдсэн арьс 1 ширхэгийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Эл үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн хорооны гаалийн улсын байцаагч нар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн шалган нэвтрүүлэх албаны хамтарсан шалгалтаар илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн. Ер нь Зүүн гурван аймагт чоно агнахыг хориглосон байдаг бөгөөд ашиг хонжоо олох зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхийг Монгол улсын нэгдэн орсон CITES-ийн конвенцоор хориглосон байдаг" гэв.


Д.Ундрах /24tsag.mn/