Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудаас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд хэрхэн нийцэж байгааг 2013 оны 12 сарын байдлаар шалгасан байна.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүнээс захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт хийх эрх бүхий 3 албан тушаалтан томилогдон ажиллаж байгаа бөгөөд Улсын Ерөнхий прокурорын 2010 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 35 тоот тушаалаар батлагдсан “Журам тогтоох тухай” тушаалыг удирдлага болгон 2013 оны 12 сарын байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан нийт 26 материалыг шалгалтын явцад хянасан байна.
Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан материалыг шалгасан судалгаанаас үзэхэд 2013 онд зөрчил гаргасан 2 иргэн, 13 албан тушаалтан, 11 аж ахуйн нэгжид шийтгэврээр нийт 2,810,000 төгрөгний торгууль тавьж захиргааны шийтгэл ногдуулан торгуулийн биелэлт 98.2 хувь биелэгджээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг дурьдвал эрх бүхий улсын байцаагч нар нь Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчил гаргагчийн эрхийг бүрэн хангадаггүй, зөрчлийн тухай тэмдэглэл үйлдсэн боловч зарим хэрэг бүртгэгч нарын үйлдсэн зөрчлийн тухай тэмдэглэл болон шийтгэвэр нь нотлох баримтын хэмжээнд хуульд заасан шаардлагын дагуу үйлдэгдээгүй, торгуулийн биелэлтийг хангуулах, албадан гаргуулах талаар арга хэмжээ аваагүй, хуулинд заасан хэмжээнээс хэтрүүлж торгууль ногдуулсан, торгууль ногдуулсан шийтгэврүүдийг санхүүгийн хэлтсийн тэмдгээр баталгаажуулаагүй, дийлэнх нь хүүгийн индекс, дугааргүй байгаа нь Сангийн сайдын 1993 оны 112 тоот тушаалаар батлагдсан “Шийтгэвэр, торгуулийн хуудас түүнийг хэрэглэх журам”-ын 5, 6 дахь хэсэгт заасан заалтуудыг бүрэн хэрэгжүүлдэггүй зэрэг 7 төрлийн давхардсан тоогоор 38 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар шаардлага 1, хүчингүй болгон өөрчлөх тогтоол 2, прокурорын даалгавар 1-ийг тус тус бичжээ.
Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж, шалгалтын дүнг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн тасгийн бие бүрэлдэхүүн, хамт олны хурлаар хэлэлцүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































