
АНУ-ын зүүн хойд мужууд болон Канадын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй “мөсөн” шуурга дэгдэж, тог, цахилгаан тасарлаа. Тус бүс хүйтний улмаас 27 хүн амиа алджээ. Цахилгаан станц 24 цагийн турш ажиллаж байгаа ч зарим айл өрхүүд одоо болтол цахилгаанаар хангагдаж чадахгүй байна. Зул сарын баярын өдрийг Торонтод 72 мянган хүн цахилгаангүй өнгөрүүлсэн талаар Канадын Онтарио мужийн албаны хүмүүс мэдээллээ. Тэдгээр хүмүүс орон гэрээ хөлдөөхгүйн тулд хийн генератор, зуух зэргийг хэрэглэж байна. Харин АНУ-ын Мэнээс, Мичиган муж хүртэл цаг агаар хүндэрч эхэлжээ. Торонто, Монтреал, Оттава, Нью-Йорк хотуудын тээвэр саатсан байна. Канадын цаг уурч Дэвид Филиппис энэ долоо хоногийн эхээр, мөснөөс болж цаг агаар эрс хүйтрэхийг анхааруулж байв. Мөсийг байгалийн жамаар хайлуулах ямар ч арга байхгүй гэж тэрээр нэмж хэллээ. Хотыг мөснөөс салгахад хүмүүсийн оролцоо хамгийн чухал байгааг мэргэжилтнүүд сануулж байна.

