Иргэний дайн болж буй Өмнөд Суданд түр гал зогсохоор болжээ. Иргэдийн бослогыг удирдаж буй дэд Ерөнхийлөгч асан Риек Машар Засгийн газрын түр гал зогсоох саналыг хүлээн авснаа мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус улсад болж буй үймээнд анхаарал хандуулахыг сануулсан юм. Өмнөд Суданд үргэлжилж байгаа засгийн эрхийн төлөө тэмцэл, үндэстэн хоорондын мөргөөлдөөний улмаас жирийн иргэд амь насаа алдсаар байгаа юм. Өчигдрийн байдлаар нийслэл Жуба хотын эмнэлэгт шархдаж хүргэгдсэн 100 гаруй хүн амьсгал хураажээ. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Нэви Пиллай Динка, Нуер үндэстнүүдийн хооронд гол мөргөлдөөн өрнөж буй гэж үзэж байгаа юм. Өмнөд Суданы хямралын бүсэд амьдарч буй 80 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, тэн хагаст нь хоргодох байр гаргаж өгөх шаардлагатай байна. Харин НҮБ-аас энхийг сахиулагчдаа 7000-12000 болгон нэмэгдүүлжээ. Ерөнхийлөгч Салва Кир босогдын эсрэг хүч хэрэглэх болно гэдгээ сэтгүүлчдэд илэрхийллээ. Бор хотоос 200 гаруй км зайд босогчдын тал амжилт олж байгаа бөгөөд Бентюд хяналтаа тогтооно гэж найдаж байна. 2011 онд Өмнөд Судан тусгаар тогтносон улс болсон ч улс төрийн тогтвортой байдал бүрдэж чадаагүй билээ.
























































