
2013 онд тус улсад 1,031,000 хүүхэд шинээр мэндэлсэн нь өмнөх жилтэй харьцуулбал 6 мянгаар бага тоо юм. Мөн 1,275,000 хүн нас барсан нь 2012 оныхоос 19 мянгаар илүү байгаа аж. Тиймээс 2013 онд Японы хүн амын тоо 244 мянгаар буурч, түүхэнд байгаагүй рекорд тогтоосон байна. Сүүлийн жилүүдэд тус улсын иргэдийн тоо ийнхүү эрс буурсаар байгаа бөгөөд 2012 онд 219 мянгаар цөөрчээ.
Японы хүн амын 20-оос илүү хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байгаа нь дэлхийн хамгийн хөгшин хүн амтай улс болгоод байна. Үүнд гадаадаас цагаачлан ирж буй залуусыг хил нэвтрүүлэхдээ хатуу бодлого барьдаг нь нөлөөлдөг гэж ажиглагчид үздэг юм. Мөн ажиглагчид тус улсын 65 ба түүнээс дээш өндөр настай иргэд 2060 он гэхэд хүн амын 40 орчим хувийг эзлэх төлөвтэй байгааг тооцжээ.
2013 оны 3-р сарын 31-ний байдлаар "Наран" улсын хүн ам 126,393,679 байсан бөгөөд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 0,21 хувиар буурсан гэдгийг Засгийн газраас нь албан ёсоор мэдээлснийг "Japantimes" сайт дамжууллаа.
Б.Баяр