
Тун удахгүй Сочигийн өвлийн олимп эхлэж гэж буйтай холбогдуулан Москвагийн онгоцны буудлуудад өчигдрөөс эхлэн шингэн зүйл тээвэрлэж явахыг хориглосон байна. Шингэн зүйлд гоо сайхны болон ариун цэврийн бараа, эм, үнэртэн, ус зэрэг хүмүүсийн хэрэгцээний бүхий л зүйлийг хамруулж байгаа ажээ. Хар тэнгисийн эрэг дээр болох олимпын наадмыг үзэхээр хоёрдугаар сарын 7-23-ны хооронд жуулчид ирцгээх юм. Шинэ оны өмнөхөн Волгоград хотод болсон халдлагаас сэрэмжилж, үзэгчдийг 37 мянган цагдаагаар хамгаалуулах шийдвэр гаргасан. Энэ нь Кремлийн удирдагчид олимпын наадмын аюулгүй байдалд онцгой анхаарч байгааг харуулж байна.