
Хилийн тагнуулын газрынхан ЭЦГ-ын ажилтнуудтай хамтран ноцтой хэрэг илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Ж нь Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ойролцоогоор 500 орчим сая төгрөгийн үнэт чулуу, ховор ургамал, түүхий эдийг 40 тоннын чингэлэгт нууц хана хийж, түүндээ нуун БНХАУ руу нэвтрүүлэхийг завдсан гэнэ. Тэрбээр уг чингэлэгт байгалийн өнгөт чулуу 215 шуудай, зээрийн мах 158 шуудай, чулуужсан мод 250 килограмм, ногоон хаш чулуу дөрвөн тонн, бог малын өлөн гэдэс 200 шуудай, бугын хоёр чив, улаан гоёо 150 шуудай, үзмэн мана нэг тонныг нуусан байжээ.
Сэжигтэн Ж уг чингэлгийн хананаас дотогш хоёр метр зайд дотрынх нь өнгөтэй адил өнгөөр давхар хана хийсэн байсан нь хууль хяналтын байгууллагынхны шалгалтаар тогтоогджээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр гаалийн үзлэг шалгалт хийж дууссаны дараа хилчид уг үйлдлийг илрүүлсэн байна. Энэ нь гаалийн ажилтнууд энэ хууль бус үйлдэлд холбоотой байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа аж.
Д.Дуулим