
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн өдөрт зориулж, Дэннис Родманаар ахлуулсан сагсан бөмбөгчид нөхөрсөг тоглолт зохион байгуулсан билээ. Тэгвэл NBA-н тоглогч асан Чарльз Смид Хойд Солонгост тоглосныхоо төлөө ямар ч төлбөр аваагүй гэдгээ CNN агентлагт мэдэгджээ. Тэрээр “Хойд Солонгост их мөнгөний төлөө очсон гэдэг худлаа. Бид өвөрмөц үндэстний соёлтой танилцаж, огт өөр хүмүүстэй уулзахыг зорьсон. Гэхдээ Ким Чен Уны төрсөн өдөр байсныг ч мэдээгүй” хэмээн ярьжээ. Смид Хойд Солонгосын удирдагчтай гар барьсан хар арьст америк хүний нэг болсондоо баяртай байгаа ажээ. Түүний хэлснээр Ким хар арьстнуудад дургүй боловч өөрт нь их элэгсэг хандсан байна. Родман өнөө өглөө Пхеньянаас нисч, Бээжин дэх олон улсын нисэх онгоцны буудалд ирээд байгаа ажээ. Тэрээр Хойд Солонгост 15 жил хоригдож буй америк иргэнийг буруутгасныхаа төлөө олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртсэн юм.