
Өмнөд Судан дахь хүчирхийллийн улмаас өлсгөлөнд нэрвэгдэж буй хүмүүсийн тоо нэмэгдсэн талаар НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас мэдэгдлээ. Тиймээс Ромд төвтэй тус байгууллагын ажилтнууд 61 сая америк долларын хүнсний тусламж хэрэгтэй гэсэн тооцооллыг гаргаж, гишүүн орнуудаас хайж эхэллээ. Өмнөд Суданы зөрчилтэй бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн ард, иргэдэд хөдөө аж ахуй эрхлэх боломж олгож, хүнсний тусламж хүргэх, вакцинд хамруулах нь тулгамдсан асуудал болж байна. Өнгөрсөн оны 12-р сард улс төрийн нөхцөл байдал хурцдаж, олон сая хүн амьдрахад төвөгтэй болж эхэлсэн. 2014 онд тус улсын 4,4 сая иргэний хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэж үзэж байна. Харин 830 мянган хүнд нэн даруй аюулгүй хүнс хүргэх шаардлагатай болжээ.