
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд жүжигчин бүсгүйтэй нууц амрагийн харилцаатай гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш хувийн амьдрал нь будлиантаж эхэллээ. Тэрээр “Хувийн асуудал бол хувийнх л байх ёстой” гэж хэлэн, асуултанд хариулахаас татгалзаж байгаа аж. Харин өнгөрсөн долоо хоногт зарласан хэвлэлийн бага хурлаараа Франсуа Олланд “Валерие тэргүүн хатагтай хэвээрээ байгаа. Бид ирэх хоёрдугаар сарын 11-нд Америк руу айлчлалаар явна” хэмээн ярьсан юм. Гэхдээ энэ нь хувийн асуудал гэхээсээ илүүтэй, эдийн засгийн асуудлыг голчлон ярихаар урьдаас төлөвлөсөн хурал байсан гэнэ. Түүний эхнэр, тэргүүн хатагтай Валерие эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ талаар ерөнхийлөгч "Валерие сайн амарч байгаа" гэхээс өөр дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй гэнэ. Түүнийг жүжигчин Жули хэмээх бүсгүйтэй нууц амрагийн харилцаатай тухай анх нийтэлсэн материал бүтэн долоон хуудас бөгөөд бүсгүйн гэрт нь очсон гэрэл зургууд ч байсан ажээ. Францын эдийн засаг тийм ч сайнгүй байгаа энэ үед дээрх мэдээлэл тархсан нь Франсуа Олландыг бүх цаг үеийн хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгч болголоо хэмээн BBC агентлаг онцолжээ.