
Египетэд удирдагч Мухамед Мурсийг өнгөрсөн оны долдугаар сард засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж байгаа өнөө үед шинэ үндсэн хуулиа батлахаар бүх нийтийн санал асуулга явуулж байна. Хэрэв шинэ үндсэн хуулиа баталвал, парламент, ерөнхийлөгчийн сонгууль явуулж, шилжилтийн Засгийн газрын үйл ажиллагаа дуусах юм. Үндсэн хуулийн төсөлд улс орны ирээдүйн чиг шугамыг тусгажээ. Бүх нийтийн санал хураалт эхлэхээс хэдхэн минутын өмнө Гиза дахь шүүхийн гадна бөмбөг дэлбэрсэн ажээ. Гэвч Египетчүүд шинэ үндсэн хуулиа баталж чадвал, улс төрийн тогтвортой байдал бий болно хэмээн итгэж байгаа учраас санал хураалтдаа идэвхтэй оролцож байна. Мурсийг дэмжигчид өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур тэмцэл өрнүүлж, мөргөлдсөний уршгаар 1000 орчим хүн амиа алдсан билээ.

