
Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 5, зөрчлийн 3 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 63 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Мөн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сандей худалдааны төвийн урд склад шатаж байна гэсэн дуудлагыг 15:42 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 15х50 метрийн хэмжээтэй агуулахын шалны хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:45 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 5х8 метрийн хэмжээтэй байшингийн жижиг өрөөний эд хогшил, шал, таазны хэсэг шатаж байсныг 4 тонн ус зарцуулан унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/