Австралийн зүүн өмнөд мужуудад хэт халж, цельсийн 42 градуст хүрсэн байна. Хэт халууны улмаас 250 гаруй цэгт түймэрч асч буй талаар эрх баригчид мэдээллээ. Сүүлийн гурван өдрийн дотор халуун огцом нэмэгдсэн тул түймрийг унтраахад хүндрэлтэй болж байгаа ажээ. 2009 онд Австралид түймэр гарч, 173 хүн амиа алдаж, 2000 гаруй байшин шатаж байсан юм. Энэ хооронд Өмнөд Австралийн нийслэл Аделаида хотод дуу цахилгаантай бороо орж, 14 мянган хүн гэрэл, цахилгаангүй болжээ.


