Төв Африкийн бүгд найрамдах улс шинэ удирдагчаар Екатрина Самба-Пансаг сонгосон боловч улс төрийн хямрал газар авч байна. Тус улсын анхны лалын шашинт удирдагч Мишель Дожетаг энэ сарын эхээр огцруулж, шинэ ерөнхийлөгч сонгосон нь лалын шашинт иргэдийн өс хонзонгийн галыг дүрэлзүүлжээ. Харин христийн шашны удирдагчид Дожетаг хууль бусаар сонгогдсон гэж үздэг юм. Гэхдээ Төв Африкийн лалын шашинтнуудын холбооноос “Энэ бол шашны тэмцэл бус, цэрэг, улс төрийн хямрал” гэж мэдэгдсэн байна. Шинээр сонгогдсон удирдагч Екатрина Самба-Панса нь төвийг сахисан улс төрийн үзэл баримтлалтай хүн аж. Тус улсын нөхцөл байдлын талаар “Лалын шашинт иргэд ямар ч хамгаалалтгүй байна” хэмээн НҮБ-ын хүний эрхийн хорооны дарга Нави Пиллай мэдэгдлээ. Энэ хооронд лал болон христийн шашны удирдагчидтай Британийн ерөнхий сайд Дэвид Камерон уулзаж, олон улсын тусламж хүргэх асуудлаар ярилцсан байна. Дэвид Камерон эрүүл мэнд, эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа хүмүүсийг харгалзаж үзэхийг анхаарууллаа. Төв Африкт хэдэн сарын турш үргэлжилсэн шашны мөргөлдөөний улмаас хүн амынх нь 20 хувь орон гэрээсээ дайжсан билээ. Төв Африкийн бүгд найрамдах улс алт, очир эрдэнийн асар их нөөцтэй баян орон боловч 4,6 иргэн ядуу амьдардаг байна. 


























































