
Италийн Гэгээн Петрийн сүмээс пап лам агсан хоёрдугаар Иоан Паулын алтан хайрцганд хадгалж байсан цус алдагджээ. Гэгээнтнүүдийн цусыг нандигнан хадгалдаг ёс католик шашинд байдаг байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр пап ламын цусыг муу ёрын сүнснүүдийг шүтэгч бүлэглэлүүд хулгайлсан гэнэ. Учир нь тэдгээр сүсэгтнүүдийн тооллоор ирэх хоёрдугаар сарын 1-нд шинэ он эхэлж байгаа аж. Энэ үеэр тэд цус ашиглан хараал жатга хийдэг байна. 20-р зууны хамгийн нэр нөлөөтэй хүмүүсийн нэгд тооцогддог Иоан Паул 2005 онд насан эцэслэсэн билээ. Тэрээр Ромын католик сүмийг 26 жилийн турш удирдаж байв.
