
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нэг цагийн хөлсний доод хэмжээг 7,25 доллараас 10,1 доллар болгон нэмэгдүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэнээр бага орлоготой иргэдийг хамгаалах юм. Массачусетын их сургуулийн эдийн засагчид цалинг нэмэгдүүлсэнээр 5 сая хүнийг ядуурлаас аварна гэсэн тооцооллыг гаргажээ. Ингэснээр 85 мянган шинэ ажлын байр бий болж, эдийн засаг 22 тэрбумаар өснө гэж тооцоолж байна. Шинээр бий болж буй ажлын байрны тавны гурав нь бага цалинтай гэсэн судалгааг 2012 онд гаргасан байдаг. Америкчуудын дийлэнх нь бага цалинтай ажил хийж байгаа нь ядуурлын түвшинг 3,4 хувиар өсөхөд нөлөөлсөн юм. Эдийн засагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ядуурлын түвшинд нөлөөлж байгаа эсэх талаар удаан хугацаанд маргаж ирсэн байна. Гэхдээ цалингийн доод түвшинг нэмэгдүүлэх нь цагийн хөдөлмөр эрхэлж байгаа залуусыг хамгаална гэдэгт санал нэгджээ.