
Олимпийн хоёр, дэлхийн гурав, Европ тивийн долоон удаагийн аварга ОХУ-ын гавьяат тамирчин, уран гулгагч Евгений Плющенко их спортоо орхиж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Өдгөө 32 настай Евгений Плющенко 11 настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн гэдэг. Плюшенко хамгийн хүнд хэцүүд тооцогддог үсрэлттэй бүтэн эргэлтийг дөрөв давтах болон зөвхөн эмэгтэйчүүдийн хийдэг бильманы элементийг гайхалтай гүйцэтгэдэг байсан тул орчин цагийн нэрт мастерын тоонд зүй ёсоор бичигддэг. 2014 оны Сочийн олимп бол Евгений Плющенкогийн хувьд алтан медаль хүртэх сүүлийн боломж байсан ч зодог тайлснаар бүх зүйл эцэс боллоо.



