
Синайн хойг дахь жуулчны автобусанд бөмбөг дэлбэлж Өмнөд Солонгосын гурван иргэн, нэг Египет хүний аминд хүрлээ. Израйлийн хилээр нэвтрэх гэж байсан уг автобусанд зорчиж явсан Өмнөд Солонгосын 14 иргэн шархдаж, гэмтжээ. Автобусанд тэсрэх бөмбөг суурилуулсан гэдгээс өөр нэмэлт мэдээлэл олдоогүй байна. Синайн хойгт 2011 онд ерөнхийлөгч Хосни Мубаракийг түлхэн унагаснаас хойш хууль бус ажиллагаа газар авсан юм. Түүхэн дурсгалт газруудыг жуулчдад танилцуулахаар явсан уг автобусанд 31 хүн зорчиж явжээ. Зорчигчид Турк, Египет, Израйль, Өмнөд Солонгосын шашны дурсгалт газруудтай танилцахаар явсан сүмийн ажилчид байсан нь олон сэжиг таамаг төрүүлж байна. Египет дэхь Өмнөд Солонгосын элчин сайдын яамнаас автобусны дугуйд нэг эрэгтэй хүн бөмбөг шидсэн гэсэн мэдээллийг хүргүүлээд байгаа ажээ. Хэргийг илрүүлэхэд Египет, Солонгосын Засгийн газар хамтран ажиллахаар болжээ.