
НҮБ-аас Хойд Солонгосын эрх баригчид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг жишээ баримттайгаар шүүмжилсэн билээ. Гэтэл Хятадын удирдагчид энэ мэдээллийг “ор үндэсгүй шүүмжлэл” гэж үзжээ. Хятадын эрх баригчдын энэ үйлдлийг шинжээчид Хойд Солонгост тал зассан хэрэг хэмээн буруутгаж байна. Харин Хятадын гадаад хэргийн сайдын төлөөлөгч Хуа Чуньин Хойд Солонгос дахь хүний эрхийг зөрчсөн үйлдэлд Хятад улс ямар ч хамаагүй гэж мэдэгджээ. Мөн “Бид Хойд Солонгосын эрх баригчдыг буруутгаж байгаа энэ бичиг баримтад дурдсан бүх зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мэдээж хэрэг олон улсын хууль, хүний эрхийн зарчмыг баримтална” гэж хэлсэн байна. НҮБ-ын хүний эрхийн шинжээчид Хойд Солонгост ард иргэдээ ялгаварлан гадуурхаж, өлсгөн тамлаж байгааг баримттайгаар нотолсон юм.
