Украины мөргөлдөөний үеэр нас барсан хүний тоо 25-д хүрчээ. Тэдгээрийн ес нь цагдаагийн ажилтан бөгөөд сэтгүүлчид ч байгаа ажээ. Одоогоор шархадсан хэдэн зуун хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Украины ерөнхийлөгч Виктор Янукович яриа хэлэлцээр хийж, зөрчлийг шийдвэрлэх боломж байсаар байтал татгалзсан сөрөг хүчний удирдагчдыг буруутгажээ. Жагсагчдыг өдөөн турхирч, төрийн ордныг бүслүүлсэн нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг сааруулах гэсэн алхам хэдий ч олон хүний амь насанд хүрсэн юм. Цагдаа нар болон жагсагчдын аль нь гал нээж, олон хүний амь нас хохироход хүргэсэн болох нь тодорхойгүй байгаа ажээ. Гэхдээ босогчид чулуу шидсэний хариуд цагдаа нар тэсрэх бөмбөг, галт зэвсэг хэрэглэсэн гэдгийг гэрчүүд нотолжээ. Украины тэмцэл өнгөрсөн оны 11-р сард эхэлсэн юм. Тэд Украиныг Европын холбоонд элсүүлж Оросоос хараат бус байлгахыг шаардаж байна.





