
Улс орондоо хүчирхийлэл явуулсан хариуцлагыг тооцохоор Украины 20 албан тушаалтанд визийн хориг тавьж буйгаа АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч мэдээлэв. Гэхдээ энэхүү жагсаалтанд багтсан албан тушаалтнуудын нэрсийг олон нийтэд ил болгоогүй юм. Өнгөрсөн 11-р сард эхэлсэн хүчирхийллийг намжаахгүй бол хориг арга хэмжээ авна гэдгээ Америкийн эрх баригчид мэдэгдэж байжээ. Энэ сарын 18-нд Киев хотноо сөрөг хүчин ба хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарсаны улмаас 26 хүн алагдаж, 800 гаруй хүн шархаджээ. Украины хүчирхийллийг намжаах зорилгоор сөргөлдөгч талууд түр эвлэрлийн гэрээ байгуулсан юм.