
Хойд Солонгосын эрх баригчид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж буй талаарх НҮБ-ын илтгэлийг худал гүтгэлэг хэмээн нэрлэжээ. Хойд Солонгосын мэдэгдэлд “Энэ илтгэлд өчүүхэн төдий ч үнэн зүйл байхгүй учир эсэргүүцэж байна. Жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж буй Солонгосын ард иргэдийн амьдралын үнэн дүр төрхийг мушгин гуйвуулсаны зэрэгцээ эх орноосоо гарсан этгээдүүдийн санаанаасаа зохиосон яриан дээр үндэслэсэн” гэжээ. Мөн энэхүү илтгэлийг Хойд Солонгосын дэглэмийг түлхэн унагах зорилготой өдөөн хатгалга гэжээ. Мөн АНУ-ыг бусдын хэрэгт хошуу дүрэхийн оронд өөрийн орныхоо хүний эрхийн асуудалд анхаарах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Харин НҮБ-аас энэхүү мэдэгдлийг гаргахдаа АНУ, Өмнөд Солонгос, Япон болон Азийн хэд хэдэн орны судлаач, мэргэжилтнүүдээс авсан мэдээлэл тул баттай гэж үзэж байгаа юм. Уг илтгэлд Хойд Солонгосын эрх баригчид ард түмнээ үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, хорьж, тамлан зовоож, хүчирхийлэн, өлсгөж байгаа талаар дурдсан ажээ.