
Энэ сарын 18-нд Украинд болсон мөргөлдөөний улмаас 88 хүн амиа алдаж, 600 гаруй шархадсан билээ. Өчигдөр Киев хотын тусгаар тогтнолын талбайд мянга мянган хүн цугларч шоронгоос суллагдаад буй экс ерөнхий сайд Юлия Тимошенкогийн үгийг сонссон юм. Ерөнхийлөгч Виктор Януковичыг түлхэн унагасны дараа хэн улс орныг удирдах нь тодорхойгүй байна. Януковичыг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш 24 цагийн дараа Тимошенко суллагдан үйл явдлыг огцом эргүүлсэн нь улс оронд тодорхойгүй байдал авчирлаа. Парламентаас ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх тавдугаар сард товлосоны дараа улс төрийн хоёр хүчин улс оронд хяналтаа тогтоох гэж чармайж эхэлжээ. Янукович Украины зүүн муж руу зугтсаны дараа Дээд радын спикер Александр Турчинов одоо төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.