
Хятадын удирдагч Ши Жин Пин интернэт мэдээллийг хянах төвийг өөрөө удирдах болсон тухайгаа албан ёсоор мэдээллээ. Тэрээр улс орны аюулгүй байдал, ард иргэдийн ажил амьдралд салшгүй холбоотой санаа зовоосон асуудал бол интернэт дэхь мэдээлэл гэдгийг онцолсон байна. Тиймээс интернэт мэдээллийг салбар бүрт хянаж, зохицуулах зөв замаар хөгжүүлэх шинэ төлөвлөгөө боловсруулах ажээ. Хятад улс интернэт хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа ч технологийн хувьд хоцрогдмол байгаа гэж Ши Жин Пин мэдэгджээ. Тухайлбал 2013 оны сүүлийн байдлаар Хятад улс 618 сая интернэт хэрэглэгчтэй гэсэн дүн гарсан ч түүний 28,6 хувь хөдөөд амьдарч байна. Тиймээс хот, хөдөөгийн ялгааг арилгаад зогсохгүй интернэт дэхь мэдээллийн аюулгүй байдлыг анхаарах нь зүйтэй гэжээ.