
Украинд сүүлийн 23 жил үзэгдээгүй улс төрийн хямрал нүүрлэж, улс орон нь хуваагдаж эхлээд байгаа билээ. Украиныг Европын холбоонд элсүүлэхийн төлөө тэмцлийн үр дүнд ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагасаны дараа нийслэл Киев хотод шинэ Засгийн газраа бүрдүүлж эхэлсэн юм. Оросоос салан тусгаарласан энэ үндэстэн хэрэв Европын холбоонд элссэн бол ОХУ, Барууныхны хоорондох тэмцэл ихэснэ гэж үзэх судлаачид ч бий. Украинчуудын 70 хувь нь үндэсний хэлээр ярьдаг бол өмнөд хэсэгт орших Крымийн автономит муж болон зүүн хэсгүүдэд Орос хэлээр ярьдаг Украйнчууд байдаг. Крымийн төрийн ордонг Орос үндэстнүүд эзэлсэн нь Украинчууд хоёр хуваагдах магадлалтайг баталж байгаа бололтой.