
Өмнөд Африкийн нэрт тамирчин Оскар Писториус өнгөрсөн оны Валентины баярын өдөр найз бүсгүй Рива Стинкампыг угаалгынхаа өрөөнд буудан хөнөөсөн хэрэг дэлхий нийт анхаарлын төвд байсан. Өчигдөр энэ хэргийн шүүх хурал Претория хотод болж, Өмнөд Африкийн телевизээр шууд дамжуулсан юм. Шүүх хурлын танхимд Оскар Писториус ихэд тайван байдалтай орж ирсэн гэнэ. Хэргийн гэрч Писториусыг буруугүй хэмээн батлаж байсан бол хөрш эмэгтэй Мишель Бургер хэрэг гарсан тэр өдөр тусламж гуйн орилож буй эмэгтэй хүний дууг сонссон хэмээн мэдэгдсэн байна. Нийт дөрвөн удаа буун дуу гарахыг сонссон гэж хөрш бүсгүй мэдүүлжээ. Түүгээр ч барахгүй тусламж хүссэн эрэгтэй хүний дууг гурван удаа сонссон гэж мэдүүлсэн нь хэргийг улам ээдрээтэй болгосон ажээ. Тус улсын прокурорууд санаатай аллага гэж үзэж байна. Гэвч хэргийг шүүгч Докозиле Масипа эцсийн байдлаар шийдэж, ял оноох юм. Писториус хүний амь насыг санаатай хөнөөснөөс гадна хууль бусаар буу зэвсэг эзэмшсэн хэрэгт буруутгагдаж байна.