
Бээжин хотноо эхэлсэн парламентын хуралдаанаар Хятадын удирдагчид энэ жилийн төсөвт батлан хамгаалахын зардлыг 12,2 хувиар өсгөхөөр шийдвэрлэжээ. Тус улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын зардлаа тогтмол хоёр оронтой тоонд хүргэж өсгөж ирсэн ч бодит тоо үүнээс их гэж шинжээчид үздэг. Япон, Филиппин зэрэг хөрш орнуудтайгаа газар нутгийн маргаантай асуудлаа шийдэж чадаагүй учраас цэргийн зардлаа ийнхүү нэмэгдүүлэх болсон ажээ. Хятадын батлан хамгаалахын салбарын төлөөлөгч саяхан зарласан хэвлэлийн бага хурлын үеэр бусад улс орнууд бүс нутгийн энх тайван байдалд заналхийлж буй аюулын эсрэг бэлэн байхыг сануулсан байна. Куньмин хотын галт тэрэгний буудалд гарсан террорист халдлагын улмаас Хятадын эрх баригчид цэрэг, армидаа анхаарах болсон гэж албаныхан тайлбарлажээ. Авилгал болоод хүрээлэн буй орчны асуудал тулгамдаж буй энэ улсад Ши Жин Пинийг удирдагчаар сонгоод нэг жил өнгөрчээ. Бээжин хотноо 10 өдрийн турш үргэлжлэх үндэсний ардын их хурлын хуралдаанаар эдийн засаг, хотжилт, хүрээлэн буй орчин зэрэг асуудлаар ярилцах юм.