
АНУ-ын Вашингтон хотын цагаачдыг саатуулах байранд 150 орчим хүн өлсгөлөн зарлаад дөрөв хоножээ. Тэдгээр тэмцэгчид цагаачдыг албадан гаргахаа зогсоохыг Америкийн эрх баригчдаас шаардаж байна. Такома дахь саатуулах байрнаас 1,300 орчим цагаачийг албадан гаргах шаардлагатай гэж үзсэн нь ийнхүү тэмцэхэд хүргэсэн бололтой. Албаны хүний хэлж буйгаар 72 цаг хоол идээгүй бол эмчилгээнд хамруулах журамтай гэнэ. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг газар нь Засгийн газрын зуучилсан хувийн өмчит байгууллага бөгөөд өлсгөлөн зарласан цагаачдын эрүүл мэндийг хамгаалахын тулд чанартай хоол хүнсээр хангах үүрэг хүлээдэг. Гэвч тэнд хоригдож байсан нэгэн цагаач эмэгтэй нөхөртэйгөө утсаар ярихдаа хаашаа ч явуулахгүй, бүр бие засах ч завсарлага олгохгүйгээр саатуулж байсан гэж хэлсэн болохыг өмгөөлөгч Сэнди Рестрепо мэдэгджээ. Энэ талаар АНУ-ын Цагаачлал, гаалийн хууль сахиулах албаны хэвлэлийн төлөөлөгч Эндрью Муноз ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ. Одоогоор АНУ-д бичиг баримтгүй 11 сая цагаач иргэн байдаг гэсэн тооцоо бий.