
Манай улсад мөнгө санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг гурван субъект байгаагаас арилжааны банкуудыг Монгол банк, банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг байна. Харин ломбардуудыг хянадаг эрх бүхий байгууллага байдаггүй аж.
2013 онд нийслэлд 16 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс 23,9 хувийг эд хөрөнгийн хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Дээрх алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин зах зээлд нийлүүлэгдэж байгаа гэсэн судалгаа байдаг байна.
Тиймээс барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг газруудын үйлчилгээг зохицуулах журам гаргах нь хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн эрх ашгийг хамгаалахад үр дүнгээ өгнө гэж холбогдох байгууллагаас үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийслэлд 521 барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгаа бөгөөд хулгайлагдсан эд зүйлсийг авахаас гадна иргэдийн эд хөрөнгийг хугацаа хэтэрсэн шалтгаанаар зарж борлуулдаг нь тодорхой хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл болдог гэдгийг Нийслэлийн цагдаагийн газраас онцолж байна.
Тиймээс иргэдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйлчилгээг зохицуулах журмын төслийг шинэчилж, холбогдох хуульд нийцүүлэн боловсруулахаар болжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)