Өнгөрсөн зун Турк улсад дэгдсэн үймээний үеэр нулимс асгаруулах хийнд өртсөн 15 настай хүү эмнэлэгт амьсгал хураасан нь ерөнхий сайд Рэжеп Таийп Эрдоганыг огцруулахын төлөө тэмцэлд дахин дуудсан юм. Өчигдөр жагсагчид Беркин Эрван хүүгийн шарилыг гудамжинд авч яван, Эрдоганыг алуурчин хэмээн хашгирч байв. Тус улсын 32 хотод эмх замбараагүй байдал үүсч, ганцхан өдрийн дотор хоёр хүн амиа алдсан нь өнгөрсөн жилийн тогтворгүй байдлыг ахин давтах вий гэсэн айдсыг бий болгоод байна. Цагдаа нар Анкара, Истанбул хотноо тэмцэж буй хэдэн мянган жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хийг хайр найргүй цацах болжээ. Анкара хотод замын хөдөлгөөнийг хаахыг оролдсон жагсагчдыг баривчилж байгаа юм.













